Инчоны Эдийн Засгийн Чөлөөт Бүсийн (IFEZ) захирагч Юн Вон-Сёк Монгол Улсад айлчлан Хөшгийн Хөндийн Эдийн Засгийн Чөлөөт Бүсийн удирдлагатай уулзлаа. Уулзалтын үеэр талууд бүсүүдийн хөгжил, ухаалаг хотын шийдэл, хөрөнгө оруулалт болон олон улсын хамтын ажиллагааны чиглэлээр хамтран ажиллах хүсэл эрмэлзлээ илэрхийлэв.
Юн Вон-Сёк нь Инчоны ухаалаг хотын хөгжлийг удирдан чиглүүлэгч, IFEZ-ийн стратеги төлөвлөлт, хөрөнгө оруулалт, олон улсын түншлэлийн бодлогыг хариуцдаг гол шийдвэр гаргагч бөгөөд олон улсын түвшний Smart City төсөл хэрэгжүүлдгээрээ танигдсан.
Уулзалтын хүрээнд Инчоны Чөлөөт Бүс болон Хөшгийн Хөндийн Эдийн Засгийн Чөлөөт Бүс хооронд хамтран ажиллах Санамж бичигт гарын үсэг зурж, Инчоны олон жилийн туршлага, ухаалаг хотын хөгжлийн чиглэл дэх шилдэг практик, инновацын экосистемийг Монголд нэвтрүүлэх боломжийг нээв. Энэхүү хамтын ажиллагаа нь Хөшгийн хөндийн бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын орчин, шинэлэг технологийн хөгжлийг дэмжих чухал алхам гэж үзэж байна.
IFEZ нь Smart City Summit, Startup Park, AI City Initiative зэрэг олон улсын нэр хүндтэй арга хэмжээг зохион байгуулж, Инчоныг дэлхийн хэмжээний ухаалаг хотын загвар болгох ажлыг манлайлан хэрэгжүүлж байгаа бөгөөд цаашид AI-д суурилсан “AI City” болгон хөгжүүлэх зорилтоо зарлаад байна.



