Хөшигийн хөндийн эдийн засгийн чөлөөт бүсийн хууль, эрх зүйн орчныг сайжруулах, холбогдох судалгаа, баримт бичгийг боловсронгуй болгох ажлын хүрээнд JICA төслийн багтай уулзалт зохион байгууллаа.
Эдийн засаг, хөгжлийн яам 2023 оноос эхлэн JICA төслийн багтай Монгол Улсын эдийн засгийн хөгжлийг дэмжих чиглэлээр хамтран ажиллаж ирсэн бөгөөд энэ удаагийн уулзалтаар чөлөөт бүсийн хууль, эрх зүйн орчны шинэчлэлийн асуудлыг дэлгэрэнгүй хэлэлцэв.
Тус уулзалт нь Монгол Улсын Ерөнхий сайдын 2025 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн 04 дүгээр албан даалгаврын 1 дэх заалтад тусгагдсан “Чөлөөт бүсийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, өргөн мэдүүлэх” зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд зохион байгуулагдсан бөгөөд Хөшигийн хөндийн эдийн засгийн чөлөөт бүсийн бүтээн байгуулалтын үзэл баримтлал, онцлогийг тусган, 2015 онд батлагдсан Чөлөөт бүсийн тухай хуулийг илүү дэлгэрэнгүй, орчин үеийн шаардлагад нийцүүлэн шинэчлэх боломжийн талаар талууд санал солилцов.


