Олон Улсын Санхүүгийн Корпорацийн (IFC) чөлөөт бүс хариуцсан олон улсын зөвлөх Дарио Куаранта, тус корпорацийн ахлах мэргэжилтэн Д.Жигжидмаа нарыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр Хөшигийн хөндийн эдийн засгийн чөлөөт бүсийн хөгжлийн төлөвлөгөө, өнөөдрийг хүртэл хийж гүйцэтгэсэн ажлуудыг IFC-ийн төлөөлөгчдөд танилцуулж, цаашид хамтран ажиллах боломж, чиглэлүүдийн талаар санал солилцов.
Дэлхийн Банкны Группийн хувийн хэвшлийн төслүүдийг хариуцсан байгууллага болох Олон Улсын Санхүүгийн Корпораци нь Монгол Улсад дэд бүтцийн төслүүдийг санхүүжүүлэх, зээл олгох, зөвлөх үйлчилгээ үзүүлэх, мөн бизнесийн орчныг сайжруулахад чиглэсэн хууль, эрх зүйн орчныг бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэх замаар улс орны хөгжилд бодитой хувь нэмэр оруулсаар ирсэн.
Одоогоор тус корпораци Эмээлтийн аж үйлдвэрийн паркийн төсөлд техник туслалцааны төсөл хэрэгжүүлж байгаа бөгөөд уулзалтын үеэр хөрөнгө оруулагчдыг татах, хамтын ажиллагааны стратегийг нэн тэргүүнд боловсруулахын чухлыг онцоллоо.
Түүнчлэн мэдээлэл технологийн салбар, тэр дундаа дата төвүүдийг барьж байгуулах чиглэлээр дэмжлэг үзүүлэх, олон улсын экспертүүд болон нэр хүндтэй, мэргэжлийн компаниудтай холбож өгөх боломжтой гэдгээ IFC-ийн төлөөлөгчид илэрхийллээ.





