Хөшигийн хөндийн эдийн засгийн чөлөөт бүсийн Захирагчийн ажлын алба олон улсын хөрөнгө оруулагчдыг бүтээн байгуулалтын ажилд татан оролцуулах чиглэлээр идэвхтэй ажиллаж байна.
Өнөөдөр (2026.01.20) Хөшигийн хөндийн эдийн засгийн чөлөөт бүсийн Захирагч Б.Саранчимэг Монгол–Солонгосын Эдийн засгийн харилцан туслалцах нийгэмлэгийн ТУЗ-ын дарга Ким Дунгин тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Монгол–Солонгосын Эдийн засгийн харилцан туслалцах нийгэмлэг нь Хөшигийн хөндийн эдийн засгийн чөлөөт бүсийн үйл ажиллагааг дэмжих, БНСУ-ын хөрөнгө оруулагчдыг татан оролцуулах зорилгоор БНСУ-д салбар байгууллага байгуулан ажиллаж байгаа юм.
Тус нийгэмлэг нь 2025 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Хөшигийн хөндийн эдийн засгийн чөлөөт бүсийн Захирагчийн ажлын албатай байгуулсан хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд үйл ажиллагаагаа хэрэгжүүлж байна.
Уулзалтын үеэр Захирагч Б.Саранчимэг Хөшигийн хөндийн эдийн засгийн чөлөөт бүсийг хөгжүүлэхэд идэвх санаачилгатай хамтран ажиллаж буй ТУЗ-ын дарга Ким Дунгин болон түүний багийнханд талархал илэрхийлж, БНСУ дахь салбар байгууллагын үйл ажиллагааг үргэлжлүүлэн дэмжиж, хамтын ажиллагааг улам өргөжүүлэхээ илэрхийллээ.


