Мэндчилгээ

ХӨШИГИЙН ХӨНДИЙН ЭДИЙН ЗАСГИЙН ЧӨЛӨӨТ БҮСЭЭС МЭНДЧИЛЖ БАЙНА

Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын хүрээнд хэрэгжиж буй Хөшигийн хөндийн Эдийн засгийн чөлөөт бүс (ЭЗЧБ) нь мэдээллийн технологи, инноваци, тээвэр, логистик болон тогтвортой хөгжил, ногоон бодлогод тулгуурласан Зүүн хойд Азийн бүс нутгийн шинэ үеийн олон улсын санхүүгийн төв, бизнесийн таатай экосистемийг хөгжүүлэх зорилготой юм.

Энэхүү чөлөөт бүсийн хөгжлийн тэргүүлэх чиглэл нь Олон улсын санхүүгийн төв болон мэдээллийн технологийн судалгаа, хөгжлийн төвүүдийн кластерийг бүрдүүлж, өндөр технологи, хиймэл оюун ухаанд суурилсан инновацийг дэмжихэд оршино. Үүнтэй зэрэгцэн ухаалаг технологид тулгуурласан био-эрүүл мэнд, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн бүсүүдийг хөгжүүлж, сэргээгдэх эрчим хүч, дэвшилтэт технологи бүхий орчин үеийн Эдийн засгийн чөлөөт бүсийг байгуулахаар зорьж байна.

Мөн аялал жуулчлал, олон улсын худалдаа, үйлчилгээний төвүүд болон логистикийн дэд бүтцийг хөгжүүлэх замаар бүс нутгийн эдийн засгийн харилцааг өргөжүүлэхэд чиглэнэ.

Чингис хаан олон улсын нисэх буудлын дэргэдэх стратегийн байршил, орчин үеийн авто болон төмөр замын холболт, өндөр хурдны шилэн кабелийн сүлжээ, татварын хөнгөлөлт, экспорт–импортын таатай орчин зэрэг нь хөрөнгө оруулагчдад бизнесээ өргөжүүлэн хөгжүүлэх онцгой нөхцөл, өргөн боломжийг бүрдүүлнэ гэж харж байна.

Хөшигийн хөндийн Эдийн засгийн чөлөөт бүс нь урт хугацааны итгэлцэл, харилцан ашигтай хамтын ажиллагаанд тулгуурлан, гадаад болон дотоодын хөрөнгө оруулагчдад эрсдэлгүй, баталгаатай, тогтвортой, үр ашигтай орчныг хамтран бүтээхэд бэлэн байна.

Бид хамтын амжилт, шинэ боломж бүрийг Тантай хамт бүтээнэ.

ХӨШИГИЙН ХӨНДИЙН ЭДИЙН ЗАСГИЙН ЧӨЛӨӨТ БҮСИЙН ЗАХИРАГЧ

БАТСҮХИЙН САРАНЧИМЭГ

Байршил Free Economic Zone
Газрын зураг нээх